ЖАРГАЛАНТ  СУМЫН ТҮҮХЧИЛСЭН ТАНИЛЦУУЛГА

Баруун  Монголын  олон  ястны  өлгий Ховд  хотын  анхны суурь  Эрдэнэбүрэн сумын  нутаг Онгоцны улааны  урд  Согоот уулын  зүүн  хойт  зүгт  орших  Ховд  голын  хөвөөний Улаанхаргана хэмээх  газарт Монгол улсын  түүхэнд  Галданбошигт  Хаан  хэмжээн алдаршсан  Галдан цэргийн бэхлэлт, тарианы суурин  байгуулахад анх  үүссэн гэж  үздэг.

1762 онд  Монгол Алтайн  нуруунаас эх  авсан  үзэсгэлэнт Буянт  голын  хөндийд шилжин  суурьшиж байгуулагдсан. Энэ үедээ  Буянт  голын  урд эрэг  дээр  орших  цэргийн бэхлэлт бүхий дөрвөлжин  хэлбэртэй 3,5-4 метр өндөр  Сангийн  хот  гэгдэх  хэрэм, их бага нарийн зээл гудамжнаас бүрдсэн “Маймаачин  гэгдэх худалдааны дүүрэг,  Буянт  голын  хойд  эрэг дээр  орших  Түгээмэл амаржуулагч  хийд  зэргээс бүрдэж байв.   Ховд  хот Монголын  Баруун  хязгаарын олон ястны улс төр, эдийн засаг, худалдаа, шашин  шүтлэгийн төв болж чадсан юм. Сангийн  хотод манжийн  төрийн гол  аппарат  Хэвэй амбан байрлаж Монголчуудтай холбоотой хэргийг эрхлэн ажиллаж байжээ. Олноо  өргөгдсөн Монгол улсын  хаан  8  дугаар богд  Жавзандамба  Засгийн  газрын  1912  оны эхээр цэргийн яамны Сайд Хатанбаатар  Магсаржаваар  цэрэг  удирдуулан  явуулснаар  1912 оны 8 дугаар сарын  25-ны өдөр манж хятадыг  буулган авч  Ховд  хотыг  чөлөөлжээ.

 

1912 оны үндэсний эрх  чөлөөний хөдөлгөөн  1921 онд Ардын  хувьсгалын ачаар тус  хязгаар  нутаг  нь  орчин  үеийн  хот болон  хөгжих  үндэс  суурь  тавигдсан  юм.

1940 оноос  Ховд аймгийн төв болж байсан бөгөөд  1952-09-04-нд  АИХТ-ын   зарлигаар  Ховд аймгийн  төвийг Жаргалант хот, 1961-06-20-ны өдрийн  АИХТ-ийн  зарлигаар Жаргалант  хотыг  Ховд хот гэж  нэрлэжээ. 1952 оноос  хойш  Ховд хот өөрийн удирдлага бүтэцтэйгээр  ажиллаж ирсэн  юм.

УИХ-ын  1992 оны   23  дугаар  тогтоолоор  орон  нутгийн төв  хотуудыг  сумын  зохион байгуулалтад  шилжүүлсний  дагуу Жаргалант сум болсон  юм. УИХ-ын  2003-01-02-ны өдрийн  02  тоот  тогтоолоор  Ховд хот  нь баруун бүсийн тулгуур төв  буюу улсын  зэрэглэлтэй хот болсон.

Жаргалант сум  Ховд  хот  нь  далайн  түвшнээс  дээш  1405 метрийн  өндөрт  оршдог. Эх  газрын  шинжтэй  эрс тэс уур амьсгалтай.Чийгийн  үзүүлэлтээрээ хуурай дулаавтар, уул  хээрийн  мужид байдаг. Улаанбаатар хотоос  1460 км, аймгийнхаа  бусад сумаас  25-375 км зайтай, Буянт,  Ховд,  Дуут  сумдтай хил  залгаа оршдог.

Жаргалант сум  Засаг  захиргааны нэгж  12 багтай Одоо тус суманд  өөлд,  халх,  захчин, торгууд, урианхай,  мянгад,  дөрвөд, баяд, казак,  үзэмчин  зэрэг  10  гаруй үндэстэн ястнаас  бүрдсэн 25279 хүн ам, 6858 өрхтэй. Хүн амын  12319 эрэгтэй, 12960 эмэгтэй  байна.

Нийт  хүн амын  68,23 хувийг 35  хүртэлх насны  залуучууд эзэлдэг. Одоо тус  хотод  Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх  дайн, 1940-1948 оны баруун  хилийн  тулгаралтанд  оролцож байсан 28  иргэн аж  төрөн амьдарч байна.

Жаргалант сумын  хэмжээнд 910  гаруй  аж ахуйн  нэгж байгууллагууд  үйл  ажиллагаагаа  явуулдаг бөгөөд  үүнээс  нөхөрлөл 121, хоршоо  67, хувьцаат  компани 6, хязгаарлагдмал хариуцлагатай компани 137, төрийн  өмчийн  үйлдвэрийн  газар 4, орон  нутгийн  өмчит  үйлдвэрийн  газар 5, төсөвт  газар 57, төрийн  бус  байгууллага15, салбар 13, төлөөлөгчийн  газар 3, сумын  харъяа  ЕБС 7-н сургуульд  9000  гаруй сурагч, 11  цэцэрлэгт  1700 хүүхэд,  Ховд их сургууль,  ХААИС-ын  салбар, Ховд-Эрдэм  дээд сургууль зэрэгт  нийт  2500 гаруй  оюутан  сурч  суралцаж байна.

Сумын  хэмжээнд  Худалдаа үйлчилгээний  Лут-Очир ХХК, мах  боловсруулах  экспортлох  Буянт  Катун  ХК,Барилга угсралтын  Ховд өргөө ХХК, Жаргалант Луу ХХК, Эрчим  хүчний Барилга угсралтын  Алтай трест, Баруун  БОЭТөв, Олон улсын  Нисэх  онгоцны  буудал, МҮЭХ-ны  баруун  бүсийн  сургалтын төв, Дулаан  үйлдвэрлэх, түгээх Бадамлах дөл  ХК, Эрчим  хүчний цахилгаан түгээх сүлжээ ХК, Ус  олзворлох  түгээх  Шим ус  ХК, харилцаа  холбоо  компани, арилжааны банк 6, төрөлжсөн зах 4, Зэвсэгт хүчний 123-р анги зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд хотын эдийн засаг нийгмийн хөгжилд томоохон байр суурь эзэлж байна.

Ховд хот нь төвөөс алслагдсан хэдий боловч Эрчим хүч, Зам тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд  бүтэцийн хөгжлөөрөө  баруун  бүсийн  бусад  хотуудаас  харьцангуй хөгжилтэй . Одоо  тус сум  19 км засмал зам, цэвэр усны  шугам  17 км, бохир усны шугам 16 км, холбооны  шугам  28 км, эрчим хүчний шугам  50-иад км, 260 га  барилгажсан  талбай  21  га  асфальтан бетон  зам талбайтай. Үүрэн  телефон, шуудан  холбооны үйлчилгээ  нэвтэрсэн.

-Ховд хот  нь  баруун бүсийн тулгуур төв болж өргөжсөн.

-Ховдчууд  үндэсний эрх  ашгийн төлөө тэмцэж чаддаг баатарлаг, хөдөлмөрч ард түмэн

“Ажиллах  хүчний нөөц ихтэй бөгөөд  иргэд  нь  төрт ёсоо  дээдлэх  уламжлал, мэдрэмж сайтай, үндэстэн угсаатны хэл  соёл, ёс  заншлаа  хадгалсан  оюуны  өндөр  чадавхитай.

-Газар зүйн  байршилын  хувьд  тохиромжтой ОХУ, БНХАУ, Казакстан улстай шууд  харилцах  гарцтай,  түүгээрээ  дамжин  бусад  улстай  хамтын  ажиллагаа  түншлэлээ  өргөтгөх  өргөн  сонголттой.

-Мал  аж  ахуй дунд  үйлдвэрлэл, газар тариалан, гар  урлалыг  хослуулан  хөгжүүлэх, уг  бүтээгдэхүүнээр  бусад  аймаг хотын  хэрэгцээг  хангах  зах  зээлийн  түшиц газар.

-Дээд  боловсрол олгох, оношлогоо  эмчилгээ хийлгэх, агаарын болон зорчигч  тээврийн  үйлчилгээ  эрхлэх  соёл урлагийн болон бусад  худалдаа  үйлчилгээний төрөлжсөн  байгууллагууд  хөгжсөн.

-Ховд хот  нь  Ховд аймгийн  төдийгүй  баруун бүсийн   улс  төр, соёл шинжлэх  ухаан, эдийн засаг нийгмийн  хөгжлийн төв  болж  байна.

Баатархайрхан уул: Ховд хотыг манжийн амбанаас чөлөөлөх их тулааны дохиот түүдэг ассан домогт баатархайрхан уул.

 

 

 

 

 

Буянт  гол -Монгол  Алтайн  нурууны хойд  хэсгээс  эхлэн  195 км урсаж  Ховд гол  нийлдэг.Усны дундаж  уналт  1км-т 7,5м, дээд  хэсэгтээ  Чигэртэй гэж  нэрлэдэг. Дэлүүний гол  нийлсний дараа Буянт  нэртэй болно. Адагтай  олон  салбарлаж зарим  нь  Ховд  гол, Хар-усан  нуур  руу  зутгадаг. Гольдиргын  өргөн  15-30м, адагтаа  35м хүртэл  өргөсдөг. Гүн  0,4-1м урсгалын  хурд  нь  2,5м/сек. Буянт гол нь  дээр  үед  өөр нэртэй байсан  гэдэг. Ойрдын  Галданбошгот хаан энэ голын  эхэнд  түр буудалж алжаал  тайлан  мордохдоо /алжаалыг  минь  тайлсан  аяа  яасан  буянтай гол  вэ  гэж дуу  алдсанаас  уйдан энэ голыг  Буянт  гол хэмээх  болсон

Суварга -Онгоцны буудлаас  Ховд хот  руу  явах  замд  байдаг. Энэ  нь баруун бүсийн  морин уралдааны болон  Галданбошгот  хааныг  мөнхжүүлэх  үүднээс баригдсан юм. Үүнийг  уран барималч  У.Ганбат барьж 1999-08-12-нд нээлтээ  хийжээ.

 

 

Амарсанаагийн  хөшөө  дурсгал-Монголын ард  түмний тусгаар  тогтнолын  төлөө  зэвсэгт тэмцлийг  толгойлогчийн  нэг, ойрдын  ноён  Амарсанаагийн  хөшөөг  залуучуудын  цэцэрлэгт хүрээлэнд 1966 онд босгож “ Эх орныхоо тусгаар  тогтнолд эр бие энэ насаа  хайрлахгүй” гэсэн алдарт  үгийг  нь  бичжээ. Ү.Амарсанаа  нь  Хотгоодын ноён  Чингүнжавын хамт Манжийн  эсрэг  тэмцлийг  толгойлж дайсны цэргийг  бут цохиж байсан ба 1757 оны  9-р  сард  өвчний улмаас  нас баржээ.

Ард-Аюушийн  хөшөө Засагт  хан аймгийн Дархан бээлийн  хошууны ард  Алдаржав  Аюуш  нь  1903 онд  200  гаруй  хүнийг хамарсан  Цэцэг  нуурын  дугуйлангийн  хөдөлгөөнийг удирдамж байсан. Тэд  44  зүйлийн  шаардлага бүхий заргын  бичгийг  зохион  дарлал,мөлжлөг, харийн  худалдаачдын  эсрэг  тэмцэж байлаа А.Аюуш нь  9-н  эрүү  шүүлтийг даван туулж Монгол ноёд, түшмэд, манж  амбанд хандаж бичиг  зарга хийж байсан. А.Аюуш  нь шинэ  цагийн  үед  сумын  даргаар  сонгогдон ажиллаж байсан бөгөөд  1939 онд   таалал төгсчээ. 1959 онд  түүний мэндэлсний  100  жилийн ойгоор  энэхүү  дурсгалын  хөшөөг  босгожээ.

Шар сүмийн гэрэлт хөшөө -Буянт  голын  баруун  эрэгт     барьж дууссантай  холбогдуулан  тэнд  гэрэлт хөшөө босгожээ. Тэрхүү гэрэлт  хөшөө өдгөө Ховд аймгийн  ОНС  Музейд  хадгалагдаж байна.

Шар сүм буюу түгээмэл Амаржуулагч  хийд  1770 аад  онд  Ховд хотыг шинэчлэн байгуулах  үед өөлдийн гэлэн Дондог  гэгч  шарын  шашины  сүмийг  хурлын газар  нэртэйгээр  үүсгэн байгуулж байсныг  Манж  нар дэмжсэн бөгөөд Манжийн  хааны  зарлигаар  түмэн  лам  мөнгө  зарцуулан  Улаан  нохой /1776 он/ жил  намрын  сүүл сард барьж   эхлэн улаагчин  гахай жил  дуусгажээ. Уг  сүмыг  “Түгээмэл амаржуулагч”  хэмээх болсон боловч олон  нийтэд “Шар  сүм” хэмээн алдаршсан бөгөөд  одоо хөдөлмөрчдийн  хүсэлтээр  аймгийн  төвд  шилжин суурьшиж буян  номоо үйлдэн  үйл  ажиллагаагаа  явуулж байна.

Галданбошигт  хааны хөшөө -Цорос  аймгийн  Хар  хул  ноёны хүү  Эрдэнэбаатар дөрвөн  ойрдын  хүчирхэг улс байгуулан  20 жил  зүүн  гарын улсын  төрийг барьж  байсан бөгөөд  түүний 6 дугаар    хүү  Галсан  нь  1671-1697 онд  зүүн  гарын  хаант  улсын төрийн эрхийг барьж улс  орноо  товхинуулах  тусгаар  тогтнолоо  хамгаалан бэхжүүлэх тэмцлийг  хийсэн  Галданбошгот хаан  хэмээн алдаршиж  Монголд төдийгүй төв  Азид  дунд  нэрд  гарсан улс төр нийгмийн  зүтгэлтэн  юм.

Галданбошгот  нь XI жарны  бичин жил буюу 1644  онд  төрж  1697.03.13-нд таалал  төгсчээ. Энэхүү  алдарт хүний дурсгалыг  хүндэтгэн  2004  онд  уран барималч  Ганхуяг  / Ховд  аймгийн нутгийн  зөвлөлөөс  санаачлан  / хөшөөг  нь  барьж аймгийн Засаг  даргын  Тамгын  газрын байрны өмнө  хүндэтгэлтэйгээр  залсан билээ.

Түүний хөшөөнд  дээр  “Миний нутгийн  шорооноос  бурхан  гуйсанч  бүү өг” хэмжээх  үгийг бичжээ.

Эе эвийн өндөрлөг: Ховд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж Ховд хотын бүтээн байгууламжийг алсын өндөрлөгөөс гадны зочид төлөөлөгчид болон орон нутгийн иргэд харах, тэдний амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх  зорилгоор Эе эвийн өндөрлөгийг 2011 онд бүтээн байгуулсан.

 

 

Сангийн  хэрэм: - Манж амбан  түүний ордныхон, түшмэл  цэргүүд  байрлаж байсан  сангийн  хот  нь цэргийн бэхлэлтийн  нэгэн адил дөрвөлжин  хэлбэртэй, жан  цохисон  шавран  хэрэмтэй, хэрэм  нь  баруун, зүүн, өмнө  талдаа  нижгээд  хаалгатай, дөрвөн  өнцөгтөө  алсын  бараа харах  асартай, хэрмийн  гадна талаар  тойрсон ухаалттай,  түүн дээгүүр  хаалга тус бүрийг  тосуулсан модон  гүүртэй байжээ. Тухайн  үеийн  өндөр  нь  4,5м, өргөн  2 морин  зөрөх боломжтой, эргэн  тойрон  нийт  1,2 км  байв. 1912  онд  Ховд хот манжаас  чөлөөлөгдсөнөөс хойш  сангийн хот нурж цөөрсөөр  өдгөө жан  цохисон  эмтэрхий сэтэрхий шавар  хэрмийн  туурь  төдийхөн  үлдэж  байна.

Буянт  гол дуунд  зориулсан  хөшөө: Хөгжимт  Драмын  урьд  талд  байрладаг 2002  онд  Буянт  гол  дуу  зохиогдсоны  50  жил,  Ховд  хотын  240  жилийн  ойн  үеэр  Ховд аймгийн нутгийн  зөвлөлийн санаачлага дэмжлэгтэйгээр уран барималч  Ганхуяг  барьжээ.

 

 

 

 

 

 

Улаан богочийн рашаан: Ходоод  элэг  цөсний өвчнийг  анагаах  увидастай.Ховдчуудын  болон  зочид  гийчдын хүндэтгэн  хэрэглэж  ирсэн  энэхүү  рашаан  Ховд  хотоос  Буянт  сум  орох  замын  дэргэд  байдаг.