Мал түүхий эдийн захыг нүүлгэн шилжүүлэх тухай

Мал түүхий эдийн захыг нүүлгэн  шилжүүлэх тухай

 

            Засаг захирга нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай Монгол Улсын хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а” дахь заалт, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.4 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Сүүлийн жилүүдэд хүн, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчний гаралт, тархалт улс орон нутгийн хэмжээнд ихээхэн гарч, давтамж нь нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулан тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Хан орд, Бугаан гол, Ялалт захууд болон бусад захуудын гадна,  дотно талбайд мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг 2014 оны 04 дүгээр сарын 15-ний өдрөөс эхлэн зогсоож, мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн захыг “Цагаан морь зах”-д төвлөрүүлэх ажлыг мөн өдрөөс эхлэн зохион байгуулсугай.

            2.Мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийн захыг чиглэл чиглэлээр нь төрөлжүүлэн худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй бичгээр гэрээ байгуулан, тэдний ая тухтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, орчноо тохижуулах дэс дараатай арга хэмжээ авч ажиллахыг  “Цагаан морь зах”-ын эзэн /Н.Баатарням/-д даалгасугай.

            3.Постуудын үйл ажиллагааг тогтмолжуулж, зөвхөн мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээтэй мал, түүхий эдийг нэвтрүүлж байхыг Цагдаагийн газрын дарга /С.Цэрэнсамбуу/, Автотээвэр зохицуулалтын газрын дарга /Я.Галбат/ нарт зөвлөсүгэй.

            4.”Цагаан морь зах”-аас бусад газарт мал, түүхий эдийн худалдаа үйлчилгээ явуулах, худалдах, хадгалах зөрчлүүд гаргахгүй байхыг айл өрх, аж ахуйн нэгжийн эзэд, иргэдэд анхааруулсугай.

            5.Баталгаажсан жин хэмжүүрийг “Цагаан морь” захад байршуулан, иргэдэд үйлчлэхийг Стандарчилал хэмжил зүйн газрын дарга /Х.Мурат/-д зөвлөсүгэй.

            6.Хан орд, Бугаан гол, Ялалт захуудад мал, түүхий эдийн үйлчилгээ явуулж байсан цэгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийхийг ҮХАГ-ын дарга /З.Лувсан/-д зөвлөсүгэй.

            7.Зөвшөөрөгдсөн газраас бусад цэгт чингэлэгээр болон гар дээрээс мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн худалдаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг зогсоож, зөвшөөрөгдсөн цэгт нүүлгэн шилжүүлэх, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах, улсын орлого болгох, торгууль, шийтгэвэр ногдуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцон ажиллахыг Цагдаагийн газрын дарга /С.Цэрэнсамбуу/, Мэргэжлийн хяналтын газрын дарга /Ц.Алтанхишиг/, ҮХАА-н газрын дарга /З.Лувсан/ нарт зөвлөж, орлогч дарга /Б.Батсүх/, ХЗАА-ны дарга /Ж.Цэен-Ойдов/, Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга /Ц.Нанжид/ нарт үүрэг болгосугай.

            8.Захирамжийн биелэлтэнд хяналт тавьж, зохион байгуулж ажиллахыг Засаг даргын орлогч /Б.Батсүх/-д даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                      Д.БААСАНДОРЖ